Wednesday, April 30, 2014

"Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс'

Хааяа хааяа сонирхолтой зүйлүүдийг блогдоо бичилгүй өнгөрөөж болохгүй мэт санагдах юм. Хэдий Фэйсбүүк, Инстаграм гэх мэт сошиал медиа сайтуудад одоо үед хүмүүс их зав цагаа үрж байгаа ч гэсэн хүнд их хэрэгтэй, юм ойлгуулах, танин мэдүүлэх зорилготой хуудас бас байдаг нь сайшаалтай. Тэдний нэг нь бол "Humans of New York" буюу 'Нью-Йоркийн Хүмүүс' хуудас билээ.

Бараг жилийн өмнө (яг сайн санахгүй байна) би Твиттер дээр гайгүй уншчихаар, үзчихээр мэдээллийн чанартай юм байна уу гээд жиргэсэн чинь жиргээ/фб-ийн найз Мона энэхүү HONY (Humans of New York) хуудсийг анх надад санал болгосон юмаа. Түүнээс хойш энэ хуудсанд дурласан гэж хэлэхэд болно. Би HONY-г Facebook болон Instagram дээрээ дагадаг.


За тэгээд энэ яадаг хуудас вэ гэхээр Brandon Stanton гэдэг зурагчин, сэтгүүлч залуу Нью-Йорк Хотын гудамжаар явж 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн зургийг тэдний хэлсэн сонирхолтой түүх юм уу ишлэлтэй нь хамтад нь нийтлэж гаргадаг юм. Магадгүй энэ санаа нь их энгийн сонсогдож болох ч миний бодлоор хамгийн сонирхолтой, хүний бодож байгаагүй, нэгийг бодож хоёрыг тунгаахаар, заримдаа инээд хүргэмээр тийм фото сурвалжлага юм.

Жишээ нь гэхэд өчигдөр тавигдсан зургийг харуулая л даа. Энэ зургийн танилцуулга дээр нь ийнхүү бичжээ:

"Надад зөндөө олон өө сэв бий. Надтай амьдрах нь амархан биш гэдэгт би эргэлздэггүй. Би хамгийн сайн харилцан яригч хүн ч биш. Мөн нөхрөө зочид буудлын өрөөний шалан дээр мөлхөж явахыг харах нь түүнд таатай биш байдаг гэдэгт би эргэлзэхгүй байдаг. Гэхдээ тэр намайг хайрладаг."


Бас л юм бодогдуулж байгаа биз? Заримдаа их гүнзгий утгатай юм бичнэ. Заримдаа их инээдтэй зураг оруулна. New York хотын томыг ч хэлэх үү, энэ хуудсаар дамжуулан сүүлийн нэг жилд их л юм үзэж харж бас тунгааж сууна даа.

HONY зөвхөн ФБ Хуудсаар хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн гэсэн веб сайт болох humansofnewyork.com-тай. Мөн бараг бүх сошиал медиа-д 'Нью-Йоркийн Хүмүүс' байдаг гээд хэлчихэд алзахгүй байх. Саяхан буюу 2013 оны 10-р сард Humans Of New York ном гарсан нь The New York Times-ийн 11 сарын 3-ны долоо хоногын Бест Селлэр ном болон шалгарсан билээ.


За тэгээд 'Нью-Йоркийн Хүмүүс'-ийн амьдрал төдийгүй хүмүүсийн тухай сонирхолтой, соргог, авхууштай, юм бодогдуулсан фото сурвалжлага үзхийг хүсвэл HONY-ийн ФБ хуудас юмуу өөрийн хэрэглэдэг сошиал медиа хэрэгсэл дээрээс сонирхон үзнэ үү.

1 comment:

Frank said...

Би одоо хүртэл олж хараагүй л явсан байх нь..