Гоё киноны хэмжигдэхүүн хүмүүст янз бүр байдаг. Миний хувьд гоё кино гэдэг бол “Тодорхой хэмжээний кайфийг үзэж байгаа хүнд тухайн киноны адал явдал, акшийн, холбоос, сэтгэл хөдлөл, уран дүрслэлтээр бүрэн дүүрэн харуулж чадах киног ‘гоё кино’ гэнэ.”
За тэгвэл миний саяхан үзсэн Inception гэдэг кино бидний нарын хэлдэг гоё кино мөн үү? Хэрэв энэ асуултыг надаас асуусан бол би эргэлзэхгүйгээр тиймээ гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ кино бодит амьдрал дээр байдаг ухагдахууныг [зүүд] уран дүрслэлтээр чадварлаг харуулж чадсан. Миний бодлоор кино нь бидний амьдрал дээр мэддэг баримтуудыг ашиглаж дээрээс нь бидний мэдэхгүй зүүдний ертөнцийг харуулж чадсан байна.
Хүний зүүдэнд болж буй үйл явдлын хугацаа, яг унтсан цаг хугацаанаас хамаагүй урт байдаг гэсэн ухагдахуун энэ кинонд тусгагдсан байдаг. Мөн хүн зүүдэлж байхад ямар нэгэн чимээ ч юмуу, үйл явдал болоход тухайн зүүдтэйгээ хольж зүүдэлдэг гэх мэт амьдралд болдог тохиолдлийг кинон харуулсан байдаг нь энэ киног чимэж байгаа юм.
Киноны зохиол үнэн чадварлаг мөртлөө хүний оюун ухааныг сорьж буй мэт маш сайн бичигдсэн. Найруулалт ч гэсэн үгээр хэлүүлэлтгүй, үзгээр бичилтгүй янзын болсон гэж хэлмээр байна. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн энэхүү кино аль хэдийнээ Оскарын “Шилдэг Кино-д” нэр дэвшинэ гэсэн цуу гараад амьжсан байна.
Inception киноны ерөнхий ноорог/зохиолыг Кристофер Нолан арван жилийн өмнө гаргасан байсан хэдий ч кино хийх нөхцөл байдал нь гарахгүй байж байгаад Warner Bros.-той кино хийх гэрээ хийж 2009 онд зураг авалтаа хийгээд өнгөрсөн долоо хоног буюу 7-р сарын 16нд Америк даяар нээлтээ хийсэн байна.
Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо нийт 62.8 сая долларын ашиг олсон. Ингэснээр Inception нь найруулагч Ноланы хувьд хамгийн их ашиг орлого олсон хоёрдахь кино нь болж байгаа буюу The Dark Knight-ийн дараа орж байгаа юмаа.
Харин Леонарда ДиКаприог кинон дээрээ тоглуулсан нь маш зөв шийдэл болсон төдийгүй бусад жүжигчдээ маш сайн сонгож авсан байгаа гэдгийг киноны туршид харж болно.
Кинонд Леонардо ДиКаприогоос гадна Ken Watanabe (Last Samurai), Ellen Page (Juno), Joseph Gordon-Levitt ((500) Days of Summer) хэмээх чадварлаг жүжигчидийг тоглуулжээ.
Би энэ киног анх үзчихээд яг юу болоод өнгөрчихсөнийг зөндөө удаан эргэцүүлж бодсон. Бас мэдэхгүй зүйлээ, ойлгоогүй зүйлээ ойлгохын тулд зөндөө олон мэдээ, нийтлэл интернэтээр уншсан. Тэгээд энэ киноны гоё сайхныг магтах гэж, үзээгүйд хүмүүст үзүүлэх гэж, өөрийнхөө үзсэн “гоё киногоо” мартахгүй тэмдэглэж үлдэх гэж энэхүү нийтлэлийг бичиж сууна даа.
Хэрэв та үнэхээрийн сайхан адал явдал, акшийн, драма, уран сэтгэлгээ, зөгнөл мөртлөө оюун ухаанаар тоглохуйц хэмжээний кино үзье гэж байгаа бол Inception тэр кино тань мөн гэж хэлэхэд би бардам байна. Ямар ч байсан таныг цагийг хий дэмий өнгөрөөгүй харин ч таньд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах болно.